Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү хуримын товоо зарлажээ

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм болон дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм нарын том хүү Бруклин Бекхэм, түүний сүйт бүсгүй Никола Пельц нар ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр товложээ.

Алдартнуудын хүүхдүүд олны анхаарлыг үргэлж татдаг жамаар Бруклин ч мөн хэвлэл мэдээллийн дуранд өртөж, байнгын сэдэв болдог. Мөн тэрээр зөвхөн аав, ээжийн нэрээр амьдрах бус ажлын амтыг мэдрэхийн тулд кофе шопод ажиллаж, зураг авах сонирхлоо даган суралцаж мэргэжлийн гэрэл зурагчин болсон. Өдгөө 22 настай Бруклины сүйт бүсгүй Никола Пельц 27 настай бөгөөд жүжигчин мэргэжилтэй, тэрбумтны охин аж.

 

Одоогоор урьдчилсан байдлаар зочдын жагсаалтад Жижи Хадид, Николь Ричи, Бекхэмийн гэр бүлийн найз Гордон, Тана Рамсай нар багтжээ.

Бруклины загалмайлсан эцэг дуучин Элтон Жон аялан тоглолтын өдөр нь давхцаж байгаа тул хуримын ёслолд оролцох боломжгүй болжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж хэлэхдээ “Никола, Бруклин нар бүтэн өдрийг төгс байлгахыг эрмэлзэж буй нь ойлгомжтой бөгөөд тиймдээ ч тэд нарийн ширийн зүйлийг ч орхигдуулахгүй анхаарч үзэж буй нь үнэхээр гайхалтай. Тэдний хувьд мөнгө бол мэдээж асуудал биш, гэхдээ тэд энэ өдрийг эд баялаг биш харин хайрын баяр болгохыг хүсэж байгаа” гэжээ.

Никола хадам ээж Виктория болон өөрийн хувийн стилистийн хамт хуримын гоёл чимэглэл авахаар Ром руу ниссэн байна. Виктория өмнө нь 2016 онд өөрийн сайн найз жүжигчин Эва Лонгориагийн хуримын даашинзыг урлаж байсан бол мөн 2018 онд Гүнгийн авхай Меган Маркл Зул сарын баяраар түүний даашинзыг өмсөж байжээ.

 

Бруклины аав, 46 настай Дэвид ёслолын үеэр үг хэлэх бөгөөд хуримын гол чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэх төлөвтэй байна гэв. Өдрийн турш орчныг аюулгүй байлгах, үл таних урилгагүй зочдоос сэрэмжлэхийн тулд төрөл бүрийн хамгаалалтын арга хэрэгслийг ашиглана гэжээ. Мөн ирсэн зочдыг сошиал медиа болон утас ашиглахыг хориглоно гэж хэвлэлд бичжээ.

Бруклин 2020 оны зургаадугаар сард жүжигчин бүсгүйд гэрлэх санал тавьсан бөгөөд тэрээр энэ талаар “Би хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихад тэр минь зөвшөөрлөө. Би энэ дэлхийн хамгийн азтай эр хүн шиг санагдаж байна. Ирээдүйд сайн хань, сайн аав байна гэдгээ амлая. Хайртай шүү хонгор минь” хэмээн сошиал хуудастаа бичиж байв.

Тэд 2019 оны аравдугаар сараас эхлэн болзож эхэлсэн ба Бруклин хуримын талаар ярихдаа “Бид сүй тавиад нэг жил болж байгаа ч хэрэв ковид байгаагүй бол аль хэдийнэ хуримаа хийсэн байна байх” гэжээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments